Талын Монгол айлаар үдлээд мордвол

Зураг авсан газрын байршил: Монголын баруун урд жигүүр. Говь-Алтай аймаг, Хөхморьт сум Зураг авсан газрын өндөршил: 1237 метр

Талын Монгол айлаар үдлээд мордвол
Талын Монгол айлаар үдлээд мордвол

Монголын нэгэн алдартай яруу найрагч Монгол орны тухай өгүүлсэн найраглалдаа 
Эх орны минь уудамд нүдээ бэлчээх гэж
Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж
Эртний Европын эртэй чадалтай жуулчид
Элсэн цөлд нь ангаж цангаж явсан мөр бий
гэж дурьдсан байдаг юм. 

Үнэхээр л олон зууны тэртээд Төв Азийн өндөрлөгт орших нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг тэдний сэтгэхүйн онцлогийг таньж мэдэх хүсэлтэй олон зуун аялагч жуулчид Монгол орныг зорин ирж байлаа. Одоо ч мөн л ирсээр байна. Тэдгээр аялагч жуулчдын нэг нь энэ зургийг үзэж байгаа та юм шүү.

Монголын нутаг дахь 33 говийн нэг Их Монгол элсний хаяа үзүүрт зуны адаг сарын халуу шатсан жирийн нэг өдөр ийнхүү амар тайван үргэлжилнэ. Тэрхүү нүд алдам уудам говь нутгийн хаа нэгтээ Монгол гэрийн үүд нь дэлгээтэй байх ба түүгээр нэвт салхилах агаар нэн таатай. 

Монголчууд гэрийн үүдээ урд зүгт харуулан барина. Гэрийн үүдээр хараа сунган харвал алсад хэсэг цагаан үүлс хуралдсан байна. Сүүлийн 2 долоо хоног энэ бүс нутагт ганц дусал ч бороо ороогүй гэнэ. Үүлнээс доохно талд хавцал үзэгдэнэ. Тэнд дэлхийн нэн ховор амьтан болох Монгол бөхөн болон Аргаль ихээр амьдардаг.

Тэрхүү хавцалаас нааш хараагаа татаж харвал голдуу хонь ямааны өтгөнийг овоолон хатаасан харагдана. Үүнийг говь нутгийн нүүдэлчид зуухан дотроо шатааж түлш болгон ашиглана. Яагаад голдуу хонь, ямаа гэсний учир нь говийн бүс нутагт үхэр малладаггүй онцлогтой. Энэ нь үхрийн иддэг идэш тэжээлтэй холбоотой юм. Тиймээс говийн бүс нутагт хонь, ямааг илүү маллана. 

За тэгээд гэр дотор зүүн буланд усны том сав байна. Энэ айл байгаа газраас холгүй хаа нэг газар газрын гүнээс боргилох гүний ус байгаа нь тодорхой. Тэрхүү гүний уснаас дээр харагдах ягаан өнгийн шанагаар хэдэн зуун удаа шүүрдэж байж 50 литрийн багтаамжтай цэнхэр савыг дүүргэнэ. Ингээд бодохоор говийн нүүдэлчин ард түмэн ямар их хөдөлмөр зарж байж ус олж уудаг нь тодорхой. 

Айлын эзэгтэйн өглөө эрт нар мандахтай уралдаж чанасан цай их үдийн үест зөөг болсон байх нь говийн халуун наран дунд маш ихээр цангасан хэнд ч хөргөгчнөөс гаргаж уух ундаатай адилтгаж болохоор. 

Эх орны минь уудамд нүдээ бэлчээж
Эсгий гэрийн минь хойморт идээ зооглож суухыг урьж байна

Монгол нутагт минь тавтай морилно уу