Ads

Бага түргэний хүрхрээ

Монгол орны нутаг дэвсгэр дээр хүний хөл тэр болгон хүрээд байдаггүй, өөрөөр хэлбэл хүн очоод байдаггүй буюу байгалийн онгон дагшин байдлаа одоог хүртэл хадгалан оршсоор байгаа хэд хэдэн онцгой бүс нутгууд байдаг. Тэдний нэг нь Бага Түргэний хүрхрээ хэмээх байгалийн дахин давтагдашгүй хосгүй үзэмжит газар юм...

Бага Түргэний хүрхрээ хэмээх байгалийн дахин давтагдашгүй хосгүй үзэмжит газар нь Монгол Улсын хамгийн баруун хязгаарын бүс нутаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт оршдог ба баруун урд хэсгээрээ БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ханасын Дархан Цаазат Газартай хил заагладаг хилийн бүс дагуух нутаг юм.

Улаан цэгээр Бага Түргэний хүрхрээ оршин буй газрын байршлыг илэрхийлэв
Улаан цэгээр Бага Түргэний хүрхрээ оршин буй газрын байршлыг илэрхийлэв

Ханас хэмээх үгийн гарал үүслийг лавшруулаад үзвэл "Хаан Ус" гэх үгнээс үүдэлтэй байдаг юм байна. Үнэхээр л түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр Оросын хаад, ихэс дээдэс Бага Түргэний голын унаган загас болох Монгол Хадранг захиалж авчруулан хүнсэндээ хэрэглэж байсан нь уг үгийн утгыг илэрхийлэх мэт.

Бага Түргэний хүрхрээ оршин буй газар нутаг нь зам харгуй болоод дэд бүтэц хөгжөөгүй мөн хамгийн ойрын суурин соёл иргэншлээс агаарын зайгаар 70 гаруй километрийн алсад улсын хилийн бүс дагуу байдаг тул тэр бүр дурын хүн хүрч очоод байх боломжгүй байдаг юм. Тийм ч учраас байгалийн онгон дагшин байдлаа одоог хүртэл хадгалан оршсоор байгаа болов уу.

Бага Түргэний ам. Мөнх цаст уулсаас эх аван урсах уулын ширүүн урсгалт голын үзэмж
Бага Түргэний ам. Мөнх цаст уулсаас эх аван урсах уулын ширүүн урсгалт голын үзэмж

Алтайн мөнх цаст уулс гэхээр хүн болгонд голдуу л орой хэсгээрээ цайран харагдах цас болоод нүцгэн хөх уулсын төрх түрүүлж буудаг байх. Энэ нь үнэндээ уншиж байсан ном зохиол болоод зарим нэг кинонд үзэгдэх дүрслэлээс үүдсэн төсөөлөл болов уу. Тэгвэл Бага Түргэний хүрхрээний орчим буй Сумдайрак, Хөндлөн, Дээд зэрэг уулсад Сибирь гацуур, шинэс мод болоод хонин арц элбэг ургасан байх нь орчны үзэмжийг улам сүрлэг болгоно.

Бор бургас болон бусад төрлийн бутлаг ургамлаар баялаг Бага Түргэний голын хавцал болоод өнгө алаглан харагдах сүрлэг уулсын үзэмжийг ажиглан явтал төд удалгүй эгц өндөр хадан дээрээс хүчтэй нүргэлээт дуу хадаан урсах хүрхрээг харсан хэн ч хэсэгтээ л гайхах, бахдах зэрэгцэн алмайрч зогсох болно.

Бага Түргэний ам
Бага Түргэний хүрхрээ
Бага Түргэний хүрхрээ

Бага Түргэний хүрхрээний өндрийн талаар эх сурвалжид дурдахдаа 15 метр гэсэн байдаг. Бид GPS-ийн тусламжтайгаар буюу сансар дахь хиймэл дагуулаас ирж буй мэдээллийн тусламжтайгаар хэмжиж үзэхэд хүрхрээний дээд, доод цэгийн зөрүү нь 26 метр байлаа. Бүр тодруулж хэлбэл хүрхрээний дээд цэг нь Д.Т.Д 2325 метр харин доод цэг нь 2299 метрийн өндөршилийг зааж байлаа.

Энэ үзүүлэлтээрээ одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн нутаг дээр байгаа олон янзын хүрхрээнүүд дундаас хамгийн өндрөөс урсаж байгаад тооцогдож байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй явагдаж байгаа дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч Монгол орны мөнх цаст уулсын цас, цэвдгүүд хайлах, улмаар урьд хожид мэдэгдэж байгаагүй олон янзын хүрхрээ, голууд бий болох болжээ.

Бага түргэний хүрхрээ

Энд бид зөвхөн Бага хүрхрээний тухай өгүүлж байгаа бөгөөд уг хүрхрээ нь үндсэндээ Их болон Бага гэсэн хоёр шатлалтайгаар урсдаг. Их хүрхрээ нь эндээс холгүй оршдог. Хэрвээ цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт улам эрчтэй явагдахад хүрвэл мөнх цаст уулын цэвдгээс эх аван урсаж буй энэхүү хүрхрээний эх улам дээшилж бусад өндөр уулсаас эх авах хүрхрээтэй салбарлан нийлэхийг үгүйсгэхгүй юм.

Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голоос бүрэлдэн бий болсон хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм байдаг ба тэнд ундаасах халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс, нохой зээх зэрэг нэн ховор ан амьтанг үзэж сонирхох зорилготой аялагч жуулчдын тоо ихэссэнтэй холбогдуулан Бага Түргэний аманд нэвтрэх цэг байгуулж, хүрхрээ орчмын ан-амьтан, онгон дагшин байгалийг нутгийн иргэдээр хамгаалуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх түшиц газар болгохоор шийдвэрлэсэн байна.

Бага Түргэний хүрхрээ орчмын байгалийн үзэмжийн гэрэл зургууд: